Followers

Powered by Blogger.


Та бүхэндээ Click Click Boom бүлгийн гишүүн рэппэр Ка -гын 2007 онд гаргаж байсан Боловсролтой хулигаан  цомгийг болон цомгоо гаргаж байхдаа өгж байсан ярилцлагынх нь хамт хүргэж байна. 


Track List : 
1. Эхлэл
2. I'm Hustler
3. Муу санаа
4. Яриа
5. Боловсролтой хулигаан ft Desant
6. Хориотой бүс  ft Zugii & Woofdogg
7. Dirty Chain inc
8. Mon-ee ft Gee
9. Миний хөгжим ft Ratabuzz
10. Яриа
11. Өөрөө өөртэйгөө 
12. Дурсамж ft Gennie
13. Төгсгөл

Bonus Trax

1. Үгийн цаана үг 
2. Хүн наймаа

Цомгоо татаж байхдаа ярилцлагаа уншаарай. 





-Боловсролтой хулигаан гэдэг нь?
-Хүмүүс чинь янз янзын философитой байдаг ш дээ. Би зүгээр гудамжны харагдах дуртай. Өөрөөрөө байх. Нэгэн хэвийн аквариумд байгаа юм шиг байх дургүй. Гаднаасаа хэдий хүмүүст ингэж харагддаг ч би хэдийнээ боловсролоо олчихсон хүн. Тэгээд боловсролтой хулигаан гэдэг нь цаагуураа нэг юм илэрхийлээд байгаа. Гэхдээ тэр нь одоохондоо нууц. Яваандаа мэдэгдэх байх.
-Энэ чиний анхны цомог уу?
-Анхных. Энэ цомог ганц миний хөдөлмөр биш л дээ. Ratabuzz-ын тус, мөн надад хип хопыг ойлгуулж өгсөн хип хопын анхдагч хамтлагууд, энэ цомгийг авч байгаа шинэ үеийн хүүхдүүд гээд бүгдийнх нь хөдөлмөр юм.
-Дараагийн цомог?
-Бараг л таван жилийн дараа гарах байх. Гэхдээ би мэдээж дунд нь дуу гаргаад л явна л даа. Энэ цомгийг би хорин хэдтэй гаргаж байна. Цомгоо гаргахын тулд би зөндөө олон жил бодсон, бэлтгэсэн. Тэгвэл дараагийн цомгоо гаргахын тулд мөн л адил бэлтгэнэ.
-Боловсролтой нийгмийн нэг хэсэг атлаа нийгмээс гадуур амьдрана гэдэг ямар вэ?
-Нийгмээс гадуур биш. Миний бодлоор бид нарын амьдраад байгаа энэ нийгэм нэг л болохгүй байгаа. Монгол хүмүүсийг харахад бүгдээрээ нэг л унжгар, чин сэтгэлээсээ инээхээ больчихож. Дандаа хар бараан юм ярьж, нэгнийгээ муугаар боддог. Тийм болчихсон учраас тэр дунд нь хулигаан мөртлөө бас нэг юм хийдэг хүн байдаг юм шүү гэдгийг илэрхийлэх гэсэн юм. Миний цомгийг хүмүүс сонсоод надтай адилхан хүн байвал “өө нээрээ тийм шдээ” гээд сэртэл нь хийх зорилготой. Үг маш чухал л даа. Миний цомгийн энэ доод буланд нь Dirty Chain гэчихсэн тамга байгаа биз. Энэ юу гэсэн үг вэ гэвэл би өөрөө наймаачин хүн. Дуунуудаар энэ илэрнэ. “Hustler” гэдэг дуун дээр ч байгаа. Хүмүүс дэлгүүрээс ороод авах юмыг би үргэлж биедээ авч явдаг. Тэгээд түүнийгээ зардаг. Гараас гарт гэдэг үйлчилгээг би хийдэг. Сүүлдээ энэ маань бүр компани болж байга л даа. Би өөрөө захирал нь болоод. Dirty Chain Incгэдэг бол бохир гинжин хэлхээ л гэсэн үг.
-Муу юм байхгүй биз?
-Хүмүүс бохир гинжин хэлхээс гэхээр...
-Хар тамхи биш үү?
-Тийм биш. Би монгол улсыг бас хордуулмааргүй байна ш д. Хоёр сая гаруйхан хүнтэй ДОХ гээд янз бүрийн юм байхад би бас хар тамхи энэ тэр гээд л гай болоод баймааргүй байна ш д. Би чинь бас их үндсэрхэг үзэлтэй хүн. Хувцас энэ тэр зарна. Хүмүүст юу хэрэгтэй байна түүнийг нь өгнө. Таван зуугийн нэгжийг зургаан зуугаар зараад л. Юмханаар юм хийж мөнгө олох. Одоохондоо миний зорилго мөнгө олох.
-Компани болчихоор гудамжны гэдгээсээ гарчихгүй юу?
-Үгүй ээ, үгүй. Би яагаад гудамжны гээд яваад байна вэ. Би цаашдаа мөнгө олох л зорилготой. Гэхдээ би одоохондоо гудамжных байхгүй бол болохгүй ш дээ. Тэгээд л нэг их худлаа өөрийнхөө хэдхэн төгрөгийг дэндүү зиндаархах гэж хэрэглэх биш л дээ. Тэгээд яваандаа харин би гараад л ирнэ. Мөнгө олоод. Энэ бол миний эхний шат. Би хэдэн жилийн өмнө гэхэд л энэ цомгийг гаргах мөнгөгүй л байсан. Тэгтэл одоо гаргаж байна. Тэгээд сүүлдээ компани болж байна гэдэг яваа яваандаа бас...
-Гудамжны наймаа гэдэг нь?
-Танд юу хэрэгтэй байна? Юу ч хамаагүй хэл л дээ.

-Надад олдохгүй байгаа зүйл үү?
-Тийм. Жишээлбэл ховор цаг ч юм уу. Тэгээд би хэдэн төгрөгөнд багтах вэ гэж асуугаад л шууд олоод өгнө. Гэхдээ тийм хулхи юм биш.
-Яаж?
-Тэр бол миний бизнесийн нууц.
-Чи өөрийнхөө дуулдаг стилийн талаар?
-Би хип хоп дуулдаг. Түүн дотроо Black music-ийг сонсдог. Рэги бас жоохон дуулдаг. Монголд рэгиг дуулаад түлхүү гараад ирэх юм бол тавин жилийн дараа залуусын футболкон дээр миний зураг байдаг бол гоё ш дээ.
-Монголчууд өөрсдөө хийсэн юм маруухантай хэрнээ их шүүмжлэмтгий хүмүүс шүү дээ. Чиний ярилцлагын доор бөөн шүүмжлэл гарна даа. Чи айхгүй байна уу?
-Би айхгүй ээ. Миний философи танд таалагдах албатай ч биш. Албагүй ш дээ. Би өөрийн гэсэн бие даасан ертөнцтэй хүн. Намайг мэдмээр байвал энийг бас сонсч болно. Би өөрөө ч гэсэн хүмүүсийг их шүүмжилдэг. Гэхдээ хүн чинь өөрийнхөө хайртай хүнийг шүүмжилж хэлдэг. Хэрвээ би хайргүй байвал тоохгүй. “Аа, энэ ингээд явж л байг” гэнэ. Тэгэхгүй бол болохгүй шд. Намайг шүүмжлээ, шүүмжил. Гэхдээ эхлээд цомгийг маань сонсчихоод дараа нь шүүмжлээрэй гэж л хэлмээр байна.
-Харуудыг дуурайх хэрэг байна уу?
-Харуудыг дуурайсан хэрэг биш л дээ. Харуудын хөгжмийг би сонсдог. Түүнээс биш би дуурайгаагүй. Миний амьдрал угаасаа л ийм.
-Эрх чөлөө гэдгийг чи юу гэж ойлгодог вэ?
-Би өөрөө шд. Эрх чөлөө чинь би өөрөө.
-Яагаад хип хоп руу орох болов?
-Би өөрөө хип хоп. Хип хоп руу орох биш. Энэ чинь миний ажил.
-Хип хопыг урлаг гэх үү?
-Хип хоп гэдэг чинь өөрөө соёл. Бүхэлдээ.
-Хараал хэлдэг соёл гэж байх уу?
-Та үнэхээр уурлалаа гэж бодъё л доо. Тэгэхэд “өө яадаг муу...” гээд л өөрийнхөө хэлдэг хараалыг хэлнэ дээ. Энэ л байхгүй юу. Энэ чинь биеэ даасан маш том соёл. Рэп суулт, рэп ярилт, рэп алхалт гэж байна. Гэхдээ энэ бол миний бодол л доо. Хүмүүс энэ одоо...гэх байх.
-Хип хопчид гарч ирэхээрээ л “би хайр дуулахгүй. Охидын хип хопчид” гэж ирээд л ярьдаг.
-Энэ тал дээр үү? Хүн хүний л бодол байх л даа. Би бас нэг хайртай найз охинтой. Хүн л юм чинь. Тийм болохоороо би хайр дуулахгүй гэж хэлэхгүй. Би тэр охинд зориулаад дуу хиймээр байвал хийнэ. Гэхдээ би тэр асуудлаа хүмүүст дэлгэмээргүй байна.
-Чиний дууны онцлог?
-Дуу бүхэн нэг юмыг өгүүлж байх хэрэгтэй л гэж боддог. “Hustler” гэдэг дуу гэхэд л цаанаа миний реклам болж байгаа юм. “Надаас юм ав. Бүх л юмыг ав. Гэхдээ хар тамхи биш” гэсэн. “Муу санаа” гэдэг дээр “хүн муу санаатай байх ёстой. Муу санаатай байхгүй гэнэн байх юм бол чи амьдралд хөлөө олохгүй” гэдэг. Харин “Боловсролтой хулигаан” гэдэгт миний өөрийн тухай. “Хориотой бүс” гэдэг нь “Глобальчлал гэдэг бол боолчлол байна. Цагаачдаа битгий давар” гэсэн үг. Гэх мэт дуунууд маань үгэн дээр илүү анхаарсан байгаа. Ер нь бол миний ам хэл жоохон задгай. Амны ариун цэвэр надад байхгүй. Би хэлэх үгээ л хэлдэг. Би цэмцгэнэж гоё ярьж чаддаггүй. Харин яваандаа жинхэнэ “эр хүн” болоод ирэхээрээ мэдээж гоё харьцааг тогтоож эхлэнэ. Одоо бол би иймээрээ л баймаар байна. Гуч хүрсэн мөртлөө хулигаан хэвээрээ байгаад байна гэвэл утгагүй л дээ.
-Амьдралын зорилго?
-Ерөнхийлөгч болох. Ерөнхийлөгч болж үзмээр байна шд. За за, энэ наргиа байлаа. Миний зорилго гэвэл, дэлхий бол бидний гэр. Тийм учраас би гэрээрээ аялмаар байна. Хайртай хүнээ, хүүхдээ дэргэдээ суулгачихаад л аялмаар байна. Өглөө бүр сэрэхэд юуны ч хажууд сэрж магадгүй. Энэтхэгт хогон дунд сэрдэг ч юм уу, Арабад алтан дунд төрдөг ч юм уу.
-Залууст хандаад?
-Монголын залуус гоё. Өөрсдийгөө өөр өнцгөөс хараад нэг үзээрэй л гэж хэлмээр байна. Хийсэн багахан зүйлдээ сэтгэл ханасны хэрэггүй. Улам ихийн төлөө зүтгэх хэрэгтэй.
-Чиний цаашдын уран бүтээлд амжилт хүсье. 
-Баярлалаа. Танай хамт олонд ч бас ажлын амжилт хүсье.
Ярилцсан О.Ариунбилэг

Нийтэлсэн END ~ 2010/11/21

3 Сэтгэгдэл

  1. Sp![R]iT Says:
  2. Ka hainga hainga

     
  3. Anonymous Says:
  4. 6 7 8 9 ni alga bshdee horiotoi bus dirty chainiig ni tusd ni hgd uguuch

     
  5. END ~ Says:
  6. 3үгээр л байна да хө. Би шалгаж үзлээ.

     

Сэтгэгдлүүд

Name/Url эсвэл Anymous гэсэн сонголтыг хийж сэтгэгдэл бичвэл амар байх болно